СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ЗӨӨЖ ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ

0
110

Засгийн газрын 2016 оны 52 дугаар
тогтоолын  хавсралт

СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ЗӨӨЖ ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмын зорилго нь нийтийн өмчийн соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх үйл ажиллагаанд Иргэний хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Автотээврийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Иргэний агаарын хөлгөөр тээвэр хийх дүрэм болон энэхүү журмыг мөрдөнө.

1.3. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх үйл ажиллагаанд соёлын биет өвийн эх төрх, шинж чанар, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахгүй байх зарчмыг баримтална.

1.4. Соёлын биет өвийг зөвхөн үзэсгэлэнд оролцуулах, судалгаа, шинжилгээ хийх, сэргээн засварлах, хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах зорилгоор зөөж тээвэрлэнэ.

1.5. Хувийн өмчид бүртгэлтэй соёлын биет өвийг өмчлөгч хууль тогтоомжид заасан нөхцөл, болзлын дагуу тээвэрлэгчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр зөөж тээвэрлэнэ. Ийнхүү зөөж тээвэрлэхдээ энэхүү журмын мөрдөж болно.

Хоёр. Журмын нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “зөөж тээвэрлэх” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хууль тогтоомжид заасан нөхцөл, болзлын дагуу тээврийн хэрэгсэл ашиглан соёлын биет өвийг нэг газраас нөгөө газарт тээвэрлэн хүргэх үйл ажиллагааг;

2.1.2. “зөөж тээвэрлэх зөвшөөрөл” гэж эрх бүхий албан тушаалтнаас соёлын биет өвийг зөөж тээвэрлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг;

2.1.3. “харгалзан хамгаалагч” гэж эзэмшигчийн шийдвэрээр соёлын биет өвийг зөөж тээвэрлэх явцад дагалдан явж, байнгын хараа хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтныг.

Гурав. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх
тээврийн хэрэгсэл

3.1. Соёлын биет өвийг агаарын хөлөг, галт тэрэг, автотээврийн хэрэгсэл ашиглан зөөж тээвэрлэнэ. Тээврийн хэрэгслийн зогсоол, буудалд хүргэх боломжгүй, эсхүл тээврийн хэрэгслээр тээвэрлэх явцад эвдэрч сүйдэх өндөр эрсдэлтэй палеонтологи, археологийн олдвор болон бусад соёлын биет өвийг тухайн газраас нь нисдэг тэргээр тээвэрлэж болно.

3.2. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй, найдвартай ажиллагааны норм, стандарт болон хууль тогтоомжид заасан бусад шаардлагыг хангасан байна.

Дөрөв. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх
зөвшөөрөл олгох

4.1. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон түүний бүрэлдэхүүн хэсэгт хамаарах дурсгалыг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн өмчийн түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга эзэмшигч байгууллага, хуулийн этгээдийн саналыг үндэслэн тус тус олгоно.

4.2. Эзэмшигч байгууллага, хуулийн этгээд нь соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрөл олгох хүсэлтээ энэ журмын 4.1-д заасан албан тушаалтанд хүргүүлнэ. Хүсэлтэд соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зорилго, үндэслэл, шаардлагын талаар тодорхой дурдаж, удирдамж тус бүрийн тодорхойлолт, гэрэл зургийг хавсаргана. Удирдамжид соёлын биет өвийг зөөж тээвэрлэх арга зам, тээвэрлэх, хүлээлгэн өгөх хугацаа, маршрут, тээврийн хэрэгсэл, тээвэрлэгчийн болон харгалзан хамгаалагчийн талаарх мэдээллийг тусгана.

4.3. Энэ журмын 4.1-д зааснаас бусад түүх, соёлын дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг эзэмшигч байгууллага, хуулийн этгээдийн удирдлага олгоно.

Тав. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэхэд бэлтгэх

5.1. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх үйл ажиллагааг эзэмшигч байгууллага, хуулийн этгээд хариуцан зохион байгуулна. Соёлын биет өвийг хууль тогтоомжийн дагуу бусад байгууллагад түр шилжүүлсэн нь эзэмшигч байгууллага, хуулийн этгээдийг энэхүү үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

5.2. Эзэмшигч байгууллага, хуулийн этгээдийн удирдлага нь энэ журмын 4.1-д заасан зөвшөөрлийг үндэслэн соёлын биет өвийг зөөж тээвэрлэх шийдвэр гаргаж, харгалзан хамгаалагчийг томилно. Харгалзан хамгаалагч нь эзэмшигч байгууллага, хуулийн этгээдийн орон тооны ажилтан байна.

5.3. Эзэмшигч байгууллага, хуулийн этгээд нь зөөж тээвэрлэх соёлын биет өвийн тоо ширхэг, хэмжээ, жин, материалын шинж чанарыг харгалзан тохирох тээврийн хэрэгслийг сонгож Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу тээвэрлэгчтэй гэрээ байгуулна. Гэрээнд соёлын биет өвийг зөөж тээвэрлэх даатгалын талаар тодорхой тусгана.

Зургаа. Соёлын биет өвийг боох, савлах, тээврийн
хэрэгсэлд байрлуулах

6.1. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх явцад эвдэрч, гэмтэхээс сэргийлж түүний эх төрх, шинж чанар, бүрэн бүтэн байдалд сөрөг нөлөөгүй хүчил, шүлтгүй зориулалтын цаас, хөвөн даавуу, бүх төрлийн порлон зэрэг зөөлөн эдээр ороож, боох бөгөөд овор хэмжээнд нь тохирсон хатуу ханатай хайрцаг саванд хийнэ. Хайрцаг саванд хийсэн соёлын биет өв холхихгүй, өөр хоорондоо хавирахгүй, хөдөлгөөнгүй байвал зохино.

6.2. Олон тоо ширхэгээс бүрддэг соёлын биет өвийг тус тусад нь хүчил, шүлтгүй зориулалтын цаас, хөвөн даавуу, бүх төрлийн порлон зэрэг зөөлөн эдээр боож нэг хайрцаг саванд хийнэ.

6.3. Соёлын биет өвийг боож, савлахаас өмнө эзэмшигч, тээвэрлэгч, хүлээн авагчийн төлөөлөл болон харгалзан хамгаалагчийг байлцуулан соёлын биет өвийн тухайн үеийн тоо ширхэг, шинж чанар, хэмжээ, жинг тодорхойлж акт үйлдэнэ. Актыг 2 хувь үйлдэх бөгөөд байлцсан этгээдүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулан 1 хувийг эзэмшигч, нөгөө хувийг харгалзан хамгаалагчид хадгалуулна.

6.4. Актад түүнийг үйлдэх үед баримтжуулсан соёлын биет өвийн гэрэл зураг, дүрс бичлэгийг хийж, цахим тээгчид буулгаж хавсаргана.

6.5. Соёлын биет өвийг ус, чийгний нөлөөллөөс хамгаалах, эсхүл түүнд агуулагдах зохих чийгшлийг хадгалах зорилгоор гялгар уут, пластик хайрцагт хийж тээвэрлэж болно.

6.6. Соёлын биет өвийг хийсэн хайрцаг савны амыг битүүмжилж лацдан, гадна талд ил харагдах хэсэгт эзэмшигч байгууллага, хуулийн этгээдийн болон хүлээн авагчийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг бичсэн, болгоомжтой хандахыг анхааруулсан “Хэврэг” гэсэн таних тэмдэгтэй хуудсыг наах буюу зүүнэ.

6.7. Тээвэрлэлтийн явцад хайрцаг савны лацыг хөндөх, нээх болон энэхүү журмын 6.6-д заасан хуудсыг хуулах, салгах, түүнд засвар хийхийг хориглоно.

6.8. Соёлын биет өвийг дараах эд зүйлтэй хамт нэг тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэхийг хориглоно:

6.8.1. мал, амьтан;

6.8.2. бүх төрлийн савлагаат шингэн бүтээгдэхүүн;

6.8.3. тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай бүх төрлийн химийн бодис;

6.8.4. аюултай хог хаягдал;

6.8.5. өнхрөх, гулсах, унах, хайрцаг сав нь задрах аюултай эд зүйлс;

6.8.6. түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;

6.8.7. соёлын биет өвийг зөөж тээвэрлэх явцад хохирол учруулж болзошгүй бусад эд зүйлс.

6.9. Овор хэмжээ их, боож, савлах боломжгүй соёлын биет өвийг зөөж тээвэрлэх асуудлыг эзэмшигч, тээвэрлэгч, хүлээн авагчийн төлөөлөл болон харгалзан хамгаалагчийн оролцоотойгоор боловсруулсан аргачлалын дагуу тээврийн хэрэгсэлд байрлуулна.

6.10.  Соёлын биет өвийг тээврийн хэрэгслийн ачаа тээш тээвэрлэх зориулалт бүхий хэсэгт тэгш гадаргуутай, тээвэрлэлтийн явцад нурах, дарагдах эрсдэлгүй байршилд байрлуулна.

6.11.  Соёлын биет өвийг түр хүлээн авсан байгууллага нь соёлын биет өвийг буцааж хүргүүлэх арга хэмжээг эзэмшигчтэй хамтран зохион байгуулна.

Долоо. Соёлын биет өвийг тээвэрлэх

7.1. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх үйл ажиллагааг өдрийн цагаар гүйцэтгэвэл зохино. Агаарын хөлөг, галт тэрэгний нислэгийн болон аяллын цаг үүнд хамаарахгүй.

7.2. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх үйл ажиллагааг тээвэрлэлт эхлэх газраас аль ойрхон нийлэх улсын болон олон улсын чанартай замаар зөөж тээвэрлэхээр төлөвлөж хэрэгжүүлнэ.

7.3. Харгалзан хамгаалагч нь соёлын биет өвийг зөөж тээвэрлэх явцад дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

7.3.1. соёлын биет өв, түүнийг хийсэн хайрцаг савны бүрэн бүтэн байдалд хяналт тавих,

7.3.2. тээвэрлэгчид хууль ёсны шаардлага тавих;

7.3.3. тээврийн хэрэгсэл саатсан тохиолдолд энэ тухай эзэмшигч, хүлээн авагчид нэн даруй мэдэгдэх;

7.3.4. тээвэрлэлтийн явцад соёлын биет өв, түүнийг хийсэн хайрцаг сав эвдэрч гэмтсэн, эсхүл ийм нөхцөл байдал үүссэн бол цаашид аюулгүй тээвэрлэх нөхцөлийг хангах талаар зохих арга хэмжээг авах;

7.3.5. тээвэрлэлтийн явцын талаар тэмдэглэл хөтлөх;

7.3.6. соёлын биет өвийг зөөж тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотой шийдвэр, бусад баримтыг биедээ хадгалж явах;

7.3.7. тээвэрлэгчээс олгосон ачаа тээшний тасалбарыг хадгалж явах;

7.3.8. эзэмшигч байгууллага, хуулийн этгээдийг төлөөлж хүлээлцэх ажлыг зохион байгуулах.

7.4. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг тээвэрлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын хамгаалалт дор гүйцэтгэж болно.

7.5. Соёлын биет өвийг гар тээшинд зөөж тээвэрлэхийг хориглоно.

Найм. Соёлын биет өвийг хүлээлцэх

8.1. Соёлын биет өвийг хүлээн авагч байгууллага, хуулийн этгээдийн байр, тасалгаанд хүргэсэн даруй энэхүү журмын 8.2-т заасны дагуу хүлээлцэх ажлыг зохион байгуулна. Хүлээлцэхэд харгалзан хамгаалагч, тээвэрлэгч, хүлээн авагчийн төлөөллийг байлцуулан акт үйлдэнэ.

8.2. Соёлын биет өвийг хүлээлцэхдээ хайрцаг савны бүрэн бүтэн байдал, битүүмжлэлийг нэг бүрчлэн шалгаж, соёлын биет өв тус бүрийн шинж байдлыг энэхүү журмын 6.3-т заасан тодорхойлолт, 6.4-т заасан гэрэл зураг, дүрс бичлэгтэй тулгаж актад тэмдэглэнэ.

Ес. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх үйл
ажиллагааг тайлагнах

9.1. Харгалзан хамгаалагч нь соёлын биет өвийг зөөж тээвэрлэсэн тухай тайланг хүлээлцсэнээс хойш ажлын 10 хоногт багтаан гаргаж, эзэмшигч байгууллага, хуулийн этгээдийн захиргааны зөвлөлийн хуралд танилцуулж, тухайн биет өвийн бүртгэлд хавсаргана.

9.2. Тайланд дараах баримтыг бүрдүүлж хавсаргана:

9.2.1. соёлын биет өвийн бүртгэл, тодорхойлолт;

9.2.2. соёлын биет өвийг зөөж тээвэрлэх тухай шийдвэр, удирдамж;

9.2.3. хүлээлцсэн акт, түүнд хавсаргасан гэрэл зураг, дүрс бичлэгтэй цахим зээрэнцэг;

9.2.4. тээвэрлэгчтэй байгуулсан гэрээ;

9.2.5. тээвэрлэлтийн явцын тэмдэглэл.

9.3. Эзэмшигч байгууллага, хуулийн этгээд нь соёлын биет өвийг зөөж тээвэрлэсэн тухай тайланг тухай бүр зөвшөөрөл олгосон албан тушаалтанд тайлагнана.

Арав. Хариуцлага

10.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна.

Өмнөх нийтлэлүүд   МУЗЕЙН ҮЗМЭРИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ ЗААВАР
Дараагийн нийтлэлүүдБоржигин судлал-2022 эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана