МУЗЕЙН ҮЗМЭРИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ ЗААВАР

0
113

Гэгээрлийн сайдын 1999 оны 49 тоот тушаалын хавсралт

                                      МУЗЕЙН ҮЗМЭРИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ ЗААВАР

Музейн сан хөмрөгт байгаа түүх, соёлын дурсгалт зүйл (цаашид “дурсгалт зүйл” гэх)-ийн хадгалалт хамгаалалтын горимыг баримтлах, дурсгалт зүйл гэмтэж муудах, устаж үгүй болохоос сэргийлэхэд энэхүү зааврыг мөрдөнө.

Нэг. Гэрэл ба хэт ягаан туяанаас хамгаалах

Гэрлийн нөлөөгөөр дурсгалт зүйлийн өнгө гандаж цайх, харлах, хэт хатсаны улмаас хугарамтгай болохоос сэргийлэх зорилгоор гэрлийн хурц тусгалыг бууруулах, гэрэлтүүлгийн хугацааг богиносгох зэрэг арга хэмжээг авна.

1.1. Дурсгалт зүйлийн орчны гэрлийг дараахь хэмжээнд байлгана. Үүнд:

а)     гэрэлд мэдрэмтгий цаас, гэрэл зураг, усан будгийн болон  байгалийн  гаралтай  будгаар  будсан  зураг,  бөс даавуун дурсгалт зүйлийг 50 люкс буюу түүнээс доош гэрэлд;

б)     гэрлийг бага мэдэрдэг арьс шир, яс, модон дурсгалт зүйлийг 150 люкс буюу түүнээс доош гэрэлд;

в)      гэрэлд тэсвэртэй  шил, керамик, металл, чулуун дурсгалт зүйлийг 500 люкс буюу түүнээс доош гэрэлд тус тус хадгална.

1.2. Гэрэлд өртөмтгий материалаар бүтсэн дурсгалт зүйлийг хэт хурц гэрэлд байлгаснаас үнэт чанараа алдах хугацаа нь эрс хурдасдаг тул нарлаг өдөр өрөөний доторх гэрэл 200 орчим люкс ба гадаа нарны  гэрэл хэдэн мянган люкс  байдгийг  харгалзан  гэрлийн  хэт  хурц  тусгалаас сэргийлэхийн тулд үзмэр байрласан танхимын гэрлийг үзмэрт нь тохируулан багасгана.

1.3.       Хэт ягаан туяа нь байгалийн болон зарим гэрэл үүсгэгчдээс  цацран  гардаг  нүдэнд  үл    үзэгдэх  өндөр давтамжтай туяа болохын хувьд ердийн гэрэлтэй адилаар дурсгалт зүйлд гэмтэл учруулдаг тул үзмэрийн танхим дахь хэт ягаан туяаны хэмжээ 75 микроватт/люменээс хэтрэхгүй байвал зохино.

1.4.       Дурсгалт зүйлийг гэрлийн гэмтлээс хамгаалахын тулд дараахь арга хэмжээг авна:

а)     үзмэрийн танхимын цонхонд хаалт, хөшиг хийж хурц гэрэлтэй үед гүйцэд хаах;

б)        үзмэрийг  дэглэхдээ  гэрэл  мэдрэмтгий  дурсгалт зүйлийг цонхны гэрлээс хол байрлуулах;

в)     гэрэл мэдрэмтгий дурсгалт зүйлийг гэрлийн хэмжээ бага өрөөнд буюу хоргонд байрлуулах;

г)     үзэгчгүй үед үзмэрийн танхимын гэрлийг унтраах;

д)     гэрэл мэдрэмтгий үзмэрийг тогтмол үзэж, ялангуяа бөс даавуун эдлэлийн нугалаасыг өөрчилж, өнгө нь алдагдаж  байгаа эсэхийг шалгаж байх;

е)        гэрэл мэдрэмтгий дурсгалт зүйлийг үзмэрт аль болохоор  байнга тавихгүй байхын тулд үе үе солих, өөр зүйлээр орлуулах, хуулбарыг нь байрлуулах арга хэмжээ авч байх;

ж)       үүсмэл  буюу  цахилгаан  гэрлийн  хэмжээг  зохих горимын дагуу тохируулах;

з)      хэт ягаан туяа нь 75 микроватт/люменээс илүүгүй байвал  гэрлийн шилэнд хэт ягаан туяаны тунгалаг хуванцар шүүлтүүр хэрэглэх;

и) цонхны гэрэл зохих шаардлагатай нийцэхгүй бол хэт ягаан туяанаас хамгаалах өнгөт болон тунгалаг шүүлтүүр байрлуулах.

Хоёр. Харьцангуй чийг ба дулааныг тэнцвэртэй байлгах

2.1.       Агаарын найрлаган дахь чийгийн их, багаас болж дурсгалт  зүйл  гэмтэхээс  сэргийлж  тухайн  температурт байгаа  чийгийн  хэмжээг мөн  температурт  байх  ханасан чийгийн  хэмжээнд  харьцуулж  тодорхойлдог  харьцангуй чийгийг тогтмол хянана.

2.2.       Харьцангуй чийг бага байхад  цаас, мод, даавуу, арьс шир,  яс зэрэг материалууд агшиж хатах ба үүний улмаас хагарч хугарамтгай болно.  Харьцангуй   чийг их байхад металл эдлэл зэврэх ба цаас, мод, даавуу, арьс
шир, яс хөөн тэлж, хөгцөрдөг. Эдгээр  органик материалууд нь их чийг авахдаа хөөж, бага чийгтэй үед агшин хөдөлж байдгаас дурсгалт зүйл гэмтэхийн гол шалтгаан болно.

2.3.         Үзмэрийн  танхим,  сан  хөмрөгийн  өрөө  сэрүүн байхад агаарын чийгийн хэмжээ ихсэж, дулаан  нэмэгдэхэд агаарын чийг багасдагийг харгалзан дурсгалт зүйлийг аль болох сэрүүн нөхцөлд байлгана.

2.4.       Холимог материалуудаар хийсэн дурсгалт зүйлийг хадгалах агаарын харьцангуй  чийгийг 35%-65%-ийн хооронд байлгана.

2.5.       Үзмэрийн танхимын дулааныг 20°С түвшинд тогтмол байлгана.

2.6.       Цонх, хаалга, халаагуур болон барилгын хананаас хамааран нэг өрөөн дотор агаарын чийг, дулаан янз бүр байдгийг анхаарч  музейн барилга,  сан хөмрөгийн өрөөнүүдийн агаарын чийг, дулааныг байнга хэмжиж байна.

2.7.     Агаарын чийг,  дулааныг хэмжиж тохируулахдаа дараахь зарчмыг баримтална. Үүнд:

а)       хэрэв музей олон байшинд байрладаг,  олон сан хөмрөгтэй бол хэд хэдэн хэмжигчийг хэрэглэх ба хэмжигчийн байршлыг жил бүр солих;

б)      хэмжигч тус бүрийн дулаан, чийгийн заалтыг өдөр бүр тэмдэглэх;

в)      тэмдэглэлийг жилийн турш хөтлөх бөгөөд музейн удирдлага уг тэмдэглэлийг сард нэг удаа шалгаж байх;

г)       үзмэрийн хадгалалтын нөхцөл тохирч байгаа эсэх талаар музейн удирдлага тогтмол танилцах;

д)       улирлын  чанартай  буюу  өвөл  нийтэд  зориулсан үйлчилгээ  явуулдаггүй  музейнүүдэд  дурсгалт  зүйлийг харьцангуй чийгийн хэлбэлзлээс хамгаалж барилгын гадна хананаас үзмэрийг хол байлгах;

е)      хавар, намрын сэрүүн улиралд   агаарын чийг их хэлбэлзэх тул хяналтын горимыг чангатгах;

ж)     нар шарж огцом халахаас урьдчилан сэргийлж цонхны хаалтыг хааж байх;

з)        музейг гэнэт халаах, хөргөхөөс болгоомжилж, өвөлд хоёроос гурван өдөр алгуур халааж, халаалт ихэссэн үед аажмаар бууруулж сэрүүн болгох;

и)  музейн орчны тохиромжтой нөхцлийг бүрдүүлэхийн тулд дулаан, чийг тохируулагчийг ашиглах.

Гурав. Агаарын бохирдолтоос хамгаалах

3.1. Хөрсний эвдрэл,  замын хөдөлгөөн,  ойр орчмын үйлдвэр, гэр хорооллын утаа тортогноос үүссэн тоос, шороо нь бохирдолтын түгээмэл хэлбэрүүд учир тэдгээрийн хэсгүүд дурсгалт зүйлийн гадаргууд тогтож бохирдуулах,  хорхой шавьж үржих нөхцлийг бүрдүүлэхээс сэргийлнэ.

3.2. Дурсгалт   зүйлийг   агаарын   бохирдолтоос хамгаалахдаа дараахь зүйлийг мөрдлөг болгоно. Үүнд:

а)      тоос шороог багасгахын тулд гадна үүдэнд гутлын чийгтэй алчуур байнга тавих;

б)      цонх, хаалганы онгорхой цоорхойгоор  тоос шороо орохоос сэргийлж ан цавыг засварлаж, цонхонд шүүлтүүр тор хийх;

в)         музейн  байшин  барилга  дотор  тамхи  татахыг хориглох;

г)      музей ажиллахгүй үед дурсгалт зүйлийг хөвөн даавуу бүтээлгээр  бүтээх,  бүтээлгийг  улирал  тутам  угааж цэвэрлэх;

д)     дурсгалт зүйл дээр нарийн тоос суухаас урьдчилан сэргийлж цемент, тоосгон шалыг будах буюу дэвсгэр дэвсэх ба үзмэрийн хоргоны зай завсрыг бөглөх;

е)     зам талбай, үзмэрийн танхим, сан хөмрөгийн өрөөг тогтмол цэвэрлэх;

ж)    бохирдсон дурсгалт зүйлийг цэвэрлэхдээ зориулалтын болон  зөөлөн  материалыг  ашиглаж,  шаардлагатай  үед мэргэжлийн байгууллага хүмүүст хандах.

Дөрөв. Хортон шавьжнаас хамгаалах

4.1. Хортон шавьж нь харанхуй, чийгтэй, дулаан газар байрлаж үслэг эдлэл, ноос, арьс шир, торго, даавуу, цаас зэрэг түүх, соёл, байгалийн болон угсаатны зүйн дурсгалт зүйлийг идэж устгадаг болохыг анхаарч дараахь шаардлагыг мөрдлөг болгоно. Үүнд:

а) музейн ажилтан бүр хорхой идэж болох үзмэрийг байнга хянаж, хорхойноос гадна гуужсан арьс, өндөг, эрвээхэй байгаа эсэхийг тогтмол шалгах;

б)        үзмэрийн  танхим,  сан  хөмрөгийн  өрөөг  байнга цэвэрлэж, хог хаягдлыг нэн даруй зайлуулж байх;

в)     үзмэрийн  танхим  болон сан хөмрөгт хүнсний зүйл байлгахыг хориглох;

г)      цонх, хаалганы ан цавыг бөглөж, онгорхой цонх, хаалганд торон хаалт хийх;

д)        хорхой  шавьж  өсөж  үржих  нөхцлийг  бүрдүүлдэг харанхуй, дулаан, чийглэг орчин бий болгохоос  урьдчилан сэргийлэх ба хаврын улиралд илүү анхаарах;

е)      музейн барилгын дээвэрт тагтаа, шувуу үүрлэхээс болгоомжлох;

ж)    музейн барилгын хэсгүүдэд мөөг, мөөгөнцөр үүсэхээс сэргийлэх;

з)     гаднаас оруулж байгаа аливаа дурсгалт зүйлд хорхой шавьж байгаа эсэхийг нарийн шалгаж, уг дурсгалт зүйлийг 2 арын турш тусгай уут, саванд тусгаарлаж,  хорхой шавьж байгаа эсэхийг дахин шалгасны дараа үзмэрт байрлуулах;

и) хорхой шавьж орохоос сэргийлж үзмэрийн хорго, сан хөмрөгийн шүүгээ, шургуулгын нүх сүвийг битүүлэн, үзмэрийг уут болон  битүү саванд хийж хадгалах.

4.2. Музейд хортон шавьж илэрсэн тохиолдолд тэдгээрийг цаг алдалгүй устгаж цэвэрлэх талаар дараахь арга хэмжээг авна. Үүнд:

а)      хорхой шавьжинд идэгдсэн дурсгалт зүйлийг бусад дурсгалаас яаралтай тусгаарлаж,  тусгай уут, саванд хийж, амсрыг нь битүүмжлэн уях;

б)      хорхой шавьжинд идэгдсэн дурсгалт зүйл байсан газрын ойр орчмын тавиур, хорго, шал болон бусад дурсгалт зүйлд шавьж  тархсан эсэхийг  шалгах;

в)      хорхой шавьж тархаагүй тохиолдолд ч тусгайлан бэлтгэсэн  найдвартай  газарт  дурсгалт  зүйлүүдийг  түр шилжүүлж, түүний орчныг цэвэрлэх;

г)      хорхой  шавьжтай  газар  болон  тэднийг устгасан газрын орчныг тоос сорогчоор  соруулах;

д)      тоос сорогчийн уутан доторхи хог хаягдлыг сайтар битүүмжлэн хаях ба тоос сорогчийн уутыг савантай усанд угааж, тоос сорогчид хийхээс өмнө гүйцэд сайн хатаах;

е) дурсгалт зүйл байрлаж байсан хорго, тавиур, шүүгээ, савны бүх гадаргууг савантай халуун усаар угааж, цэвэр усаар зайлж, алчуураар хаттал арчиж дурсгалт зүйлийг буцааж тавихаас өмнө тавиурыг бүрэн хатаах ба тоосны бүтээлгийг угаах.

4.3.        Дурсгалт зүйлд үүрлэсэн хорхой шавьжийг тоос сорогчоор  соруулах  буюу  хатуу  үстэй  сойзоор  нямбай цэвэрлэх ба энэ тохиолдолд дараахь зарчмыг баримтална.Үүнд:

а)       дурсгалт зүйлд байгаа амьд болон үхсэн хорхой шавьж, өндгийг тоос сорогчийн сойзоор цэвэрлэж соруулах ба үслэг болон өдөн үзмэрийг сөргүүлэн сойздож соруулах (Үслэг эдлэлийн үс унахаас болгоомжлох ба унасан үсийг гүйцэд соруулж авна);

б)       хорхой шавьж дахин илэрсэн эсэхийг 4-6 долоо хоногийн турш хоёр хоног тутамд ажиглах ба хорхой шавьж дахин илэрвэл дээрхи журмын дагуу давтан цэвэрлэх.

4.4.      Дурсгалт зүйлд үүрлэсэн хорхой шавьжийг хөлдөөж устгахдаа дараахь зарчмыг баримтална. Үүнд:

а)     дурсгалт зүйл тус бүрийг хөлдөөгч уут буюу гялгар уутанд хийх ба жижиг овортой дурсгалт  зүйлийг тус тусад нь хийж хөлдөөх;

б)     дулааны улиралд хөргөгч болон хөлдөөгчийг ашиглах ба хөргөгчид уутыг байрлуулахдаа уутны орчимд агаарын эргэлт сайн байхаар тооцож хөлдөөлтийг -20°С температурт 4 цагаас багагүй хугацаагаар үргэлжлүүлэх;

в)       өвлийн улиралд дурсгалт  зүйлийг гадаа гаргаж хөлдөөх;

г)        хөлдөөсөн дурсгалт  зүйлийг ууттай  нь  аажмаар гэсгээх;

д)     хөлдөөж, гэсгээх ажиллагааг давтан хийх ба дараа нь тоос сорогчоор соруулах.

Тав. Дурсгалт зүйлийн аюулгүй байдлыг хангах

5.1. Музейн ажилтнуудын зүй бус үйлдлээс шалтгаалан дурсгалт зүйлд гэмтэл учирдаг тул тэдгээрийг байрлуулах, зөөж тээвэрлэх, боож баглах зэргээр хөдөлгөөнд оруулахдаа аюулгүй байдлыг бүрэн хангана. Үүнд:

а) музейн ажилтнууд дурсгалт зүйлтэй харьцахдаа гараа цэвэр байлгаж,  зориулалтын бээлий өмсөх  (Хүний гараас байнга тос, давс ялгарч эд зүйлсийг гэмтээхэд хүргэдэг);

б)     ихэнх дурсгалт зүйл нь хэврэгшсэн буюу урьд өмнө сэргээн  засварлагдсан  байдгийг  харгалзан  тэдгээрийн байршлыг солих тохиолдолд үргэлж хоёр гараараа барих;

в)       дурсгалт  зүйлийг  доргио  чичиргээнд  аль  болох өртөхгүй  байхаар бэхэлж байрлуулах;

г)      дурсгалт зүйлтэй харьцахдаа яарах, хүчлэх, хурдан хөдөлгөөн хийхээс болгоомжлох;

д)     дурсгалт  зүйлийг  хөдөлгөхийн  өмнө  түүнийг байрлуулах байр, савыг урьдчилан бэлтгэж, замд саад болох зүйлийг зайлуулах;

е)      дурсгалт зүйлд гэмтэл учруулж болох гинж, оосор зэргийг хувцсандаа зүүхгүй байх;

ж)     дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх, боож баглахдаа зориулалтын багаж, тоног төхөөрөмж, материал хэрэглэх;

з)      дурсгалт зүйлтэй харьцахад гарч болзошгүй аливаа гэмтлийг  сан  хөмрөгч  буюу  захиралд  даруй  мэдэгдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

5.2.       Музейн удирдлага нутаг дэвсгэрийнхээ холбогдох байгууллагуудтай  хамтран  дурсгалт  зүйлийг  гал,  усны аюулаас хамгаалах урьдчилсан арга хэмжээ авна. Үүнд:

а)         галын  аюулын  үед  дурсгалт  зүйлийг  аврах төлөвлөгөө, ажиллах дүрмийг батлан гаргаж, ажилтнуудыг түүний дагуу дадлага хийлгэсэн байх;

б)       галын аюулаас хамгаалах болон хортон шавьжтай тэмцэх мэргэжлийн байгууллагуудын үзлэг шалгалтыг жилд нэг удаа хийлгэх.

5.3.       Музейн цуглуулгад байгаа төрөл бүрийн материал нь музейн ажилтнууд болон үзэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлдгийг харгалзан дараахь онцлог дурсгалт зүйлтэй анхаарал болгоомжтой харьцвал зохино. Үүнд:

а) Органик дурсгалт зүйл. Нэхмэл, арьс шир, цаас зэрэг (органик) дурсгалт зүйл нь чийг авбал амархан үнэр орох бөгөөд энэ нь хүнд харшил өгөх, ханиалгуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлж болно.

 б)    Галт болон бусад зэвсгүүд.   Галт  зэвсэгтэй  хамт сумыг дэлгэн үзүүлж болохгүй. Сумыг галт зэвсгээс тусад нь хадгална. Зэвсгийн сан хөмрөг найдвартай цоожлогдсон байх ёстой.

в)       Хортой   ургамлын үзмэр.  Хорт  ороонго  ургамал хатсаны  дараа  тосондоо  хороо  үлдээдэг  тул  тодорхой хаягласан  битүү  уутанд  хатаамлыг  хадгалах,  үзмэрийг хоргонд буюу  үзэгчид хүрэхгүй газар байлгах ба үзмэртэй
харьцахдаа резинэн бээлий өмсөх шаардлагатай.

г)      Хортой эрдэс бүхий үзмэр. Зэвтэй төмөр нь төмрийн улаан гүрийн тоос гаргадаг бөгөөд түүнийг уушгины хорт хавдар  үүсгэж  болохыг  анхаарч  сан  хөмрөг,  үзмэрийн танхимыг  тоос  дэгдэлтээс  хамгаалсан  байна.  Тоосыг
соруулахдаа хамгаалалтын баг хэрэглэнэ. Зэс, гууль, хүрэл дурсгалт зүйлийг зэврэлтээс урьдчилан сэргийлэгч бодис (бензотриазол)-оор нэг удаа арчина.  Энэ бодисыг хорт хавдар үүсгэж болох талтай гэж үздэг. Металл дурсгалт
зүйлийн ногоон нунтаг хөгц, зэс, гууль чимэглэлтэй арьс ширэн эдлэл дээрхи ногоон лав шиг бодис биед орвол хортой. Хүний арьсанд  энэ  бодис хүрвэл савантай усаар даруй угаана.

д)       Эм, мэс заслын багажууд.  Ийм төрлийн дурсгалт зүйлтэй  байнга  резинэн  бээлийтэй  харьцана.  Шингэн, нунтаг, үрэл эм, химийн бодисыг үзүүллэгт  үзэгчдийн  гар хүрэхээргүй газар байрлуулах,  сан хөмрөгт хадгалахдаа хөдөлгөөнгүй тавиур дээр сайн бөглөөтэй шилэн саванд хийнэ. Хатуу цаасан хайрцагтай буюу боодолтой эмийг битүү уутанд хийж, тодорхой хаяглан тусгайлан тавибал зохино.

е)       Хорхой шавьж устгадаг бодисын аюулгүй байдал.

Хорхой шавьж устгадаг бодисыг хэрэглэхдээ хүний арьсанд хүрэхээс болгоомжлох. Музейн хортон шавьжийг устгахдаа вапона, зурдаг хор, нафталин, парадихлоробензин, рэйд, бөөрөнхий хорыг өргөн ашигладаг. Эдгээр бодисууд нь мэдрэлийн төв системд янз бүрийн хэлбэрээр нөлөөлдөг. Тухайлбал, парадихлоробензин, нафталин, рэйд (пиретин) элэг, бөөрөнд нөлөөлдөг бол вапона2 (дихлорвос) хорт хавдар үүсгэдэг гэж үздэг. Иймд хорхой шавьж устгах хороор амьсгалахаас болгоомжлох, хамгаалалтгүй гараар барихгүй байх, бодисыг хэрэглэх үед ил задгай тавихгүй байх зэргийг анхаарвал зохино.

ж)     Уусмалын аюулгүй байдал. Музейд байвал зохих цорын ганц уусмал бол ацетон бөгөөд түүнийг бөх бат,  галд тэсвэртэй саванд хадгалж, хаягийг тодорхой бичсэн байх шаардлагатай. Хэрвээ ацетоныг асгавал дурсгалт зүйлийг нэн даруй холдуулах буюу өөр өрөөнд шилжүүлж, өрөөний хаалгыг  хааж,  “орохыг  хориглоно”  гэсэн  анхааруулга тавина.  Асгарсан  ацетоныг  24  цагийн  дотор  арилгавал зохино.

Лакан дотор байдаг крилон гэдэг уусмал нь эрүүл мэндэд аюултай. Крилон сүрчигийг хэрэглэхдээ тусгаарласан өрөө байранд шүршсэний дараа уг байрнаас нэн даруй гарч хаалгыг хааж, нэг цаг орчим өрөөнд орохыг хориглоно. Арьсанд хүргэхээс болгоомжил. Эдгээр уусмалыг сайн агааржуулсан орчинд буюу гадаа байлгаж, задгай гал, цахилгаан хэрэгслээс хол хадгалбал зохино.

———-оОо———–

Өмнөх нийтлэлүүд Байгууллагын даргын 2022 оны А тушаалууд
Дараагийн нийтлэлүүдСОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ЗӨӨЖ ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ