МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МУЗЕЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, музейн сан хөмрөг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Музейн хууль тогтоомж
2.1.Музейн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт музейн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй үйлчилнэ.
3.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“музей” гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг;
4.1.2.“музейн үзэл баримтлал” гэж музейн төрөл, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, цуглуулгын болон үзүүллэгийн бодлогыг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.3.“ерөнхий бүртгэл” гэж үзмэрийн хувийн дугаар, нэр, тоо, хэмжээ, тодорхойлолт бүхий бүртгэл, мэдээллийн баримт бичгийг;
4.1.4.“үзмэр” гэж ерөнхий бүртгэлд бүртгэгдсэн музейн өмчийн соёлын үнэт зүйлийг;
4.1.5.“цуглуулга” гэж нэг болон хэд хэдэн шинжээрээ харилцан холбоотой, тодорхой цаг үеийг төлөөлөх шинжлэх ухаан, урлаг, танин мэдэхүйн ач холбогдолтой үзмэрийн бүрдэл хэсгийг;
4.1.6.“музейн сан хөмрөг” гэж үзмэр, цуглуулга, түүний хадгалалт хамгаалалтын нөхцөлийг бүрдүүлсэн орон зайг;
4.1.7.“үзүүллэг” гэж үзмэр, цуглуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй, уран сайхны аргаар дэглэн үзүүлсэн орон зайг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
5 дугаар зүйл.Музей байгуулах
5.1.Музейг төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулна.
5.2.Музейн үзэл баримтлалыг үүсгэн байгуулагч нь батлах бөгөөд орон нутгийн болон хувийн өмчийн музейн үзэл баримтлалыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөнө.
5.3.Музейн үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд эрхэлнэ.
5.4.Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
5.5.Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг найман жилийн хугацаатайгаар олгоно.
5.6.Тусгай зөвшөөрөл сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
5.7.Музейн дүрэмд заасан бол музейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болно. Зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6 дугаар зүйл.Музейн зэрэглэл
6.1.Засгийн газар Төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн зэрэглэл тогтооно.
6.2.Үндэсний музей нь төрөл, үйл ажиллагааны чиглэлээр бусад музейг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.
6.3.Үндэсний болон улсын зэрэглэлийн музей төрийн хамгаалалтад байна.
6.4.Аймаг, нийслэлийн болон сумын музей орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах болон түгээн дэлгэрүүлэх чиг үүрэгтэй байна.
7 дугаар зүйл.Музейн үйл ажиллагааны чиглэл
7.1.Музей нь үзэл баримтлалын хүрээнд дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
7.1.1.соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжлах, нээж илрүүлэх, олж авах;
7.1.2.үзмэрийг бүртгэх, баримтжуулах, музейн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
7.1.3.Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
7.1.4.үзүүллэг дэглэх, үйлчлэх;
7.1.5.гадаад, дотоодод үзэсгэлэн зохион байгуулах;
7.1.6.боловсрол, танин мэдэхүйн ажил зохион байгуулах;
7.1.7.сургалт зохион байгуулах;
7.1.8.эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх, түгээх;
7.1.9.гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
7.1.10.үзмэрийг гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцуулах;
7.1.11.иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн соёлын үнэт зүйлийг түр хугацаагаар үзэсгэлэн, үзүүллэгт дэглэж ашиглах;
7.1.12.музей хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
7.1.13.хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.
7.2.Музей нь Төсвийн тухай хуульд нийцүүлэн худалдаа, үйлчилгээ эрхэлж болно.
7.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг музейн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор дөрвөн жил тутам хараат бус хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэнэ.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан үнэлгээ хийх аргачлал, үнэлгээ хийх этгээдэд тавих шалгуурыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 7.3-т заасан үнэлгээний тайланг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
7.6.Музейн үүсгэн байгуулагч музейн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг санхүүжүүлэх үүрэгтэй.
7.7.Музей нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс хуулийн хүрээнд хандив, тусламж авч болох бөгөөд зарцуулалт, тайлагналт нь ил тод, нээлттэй байна.
7.8.Музейн санхүүжилт, хандив тусламжийн эх үүсвэр нь хуульд нийцсэн байна.
7.9.Соёлын өвд хамаарах үзмэрийг судлах, сурталчлах зорилгоор музей хооронд түр солилцох асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 35.1-д заасны дагуу зохицуулна.
8 дугаар зүйл.Музейн үзүүллэг, дэглэлт
8.1.Музей нь үзмэр, цуглуулгыг эргэлтэд оруулах, мэдлэг мэдээлэл түгээх, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор үзүүллэг, дэглэлтийг байнга шинэчлэх зарчим баримтална.
8.2.Музей нь үзэл баримтлалын хүрээнд зургаан жил тутам үзүүллэг, дэглэлтээ шинэчлэх төлөвлөгөөний төслийг боловсруулна.
8.3.Төрийн өмчийн музейн үзүүллэг, дэглэлтийг шинэчлэх төлөвлөгөөг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн өмчийн музейн үзүүллэг, дэглэлтийг шинэчлэх төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн батална. Хувийн музейн үзүүллэг, дэглэлтийг шинэчлэх төлөвлөгөөг үүсгэн байгуулагч нь батална.
8.4.Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал болон археологи, палеонтологийн дурсгалыг түшиглэн байгуулсан музейд энэ хуулийн 8.2 дахь хэсэг хамаарахгүй.
9 дүгээр зүйл.Музейн үйлчилгээний төлбөр
9.1.Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.
9.2.Энэ хуулийн 9.1-д зааснаас бусад үйлчилгээ төлбөртэй байж болох бөгөөд уг төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр музейн захирал тогтооно.
9.3.Музейн захирал дараах иргэнийг үзүүллэгийн танхимаар үйлчлүүлэхэд үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ:
9.3.1.Ахмад настны тухай хуулийн 3.1-д заасан иргэн;
9.3.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан иргэн.
9.4.Төрөөс энэ хуулийн 9.1-д заасан үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдох зардлыг хувийн музейд нөхөн олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МУЗЕЙН САН ХӨМРӨГ
10 дугаар зүйл.Музейн сан хөмрөгийн төрөл
10.1.Музей нь үндсэн болон туслах сан хөмрөгтэй байна.
10.2.Үндсэн сан хөмрөгт музейн үзэл баримтлалын хүрээнд цуглуулсан түүх, соёл, урлаг, шинжлэх ухаан, танин мэдэхүй, гоо зүйн үнэ цэнэ бүхий үзмэр хамаарна.
10.3.Энэ хуулийн 10.2-т зааснаас бусад үзмэр туслах сан хөмрөгт хамаарна.
10.4.Музейн сан хөмрөгийг үзмэрийн материал, хэмжээ зэрэг онцлог шинжийг харгалзан төрөлжүүлж зохион байгуулна.
10.5.Музейн сан хөмрөгт үзмэр оруулах, гаргах хөдөлгөөнийг дүрмээр зохицуулах бөгөөд уг дүрмийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10.6.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад соёлын өвд хамаарахгүй музейн үзмэр, цуглуулгыг даатгуулж болно.
10.7.Музейн сан хөмрөгт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах үзмэрийн үнэлгээг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9.1-д заасан журмын дагуу үнэлнэ.
10.8.Энэ хуулийн 10.7-д хамаарахгүй үзмэрийг үнэлэх асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар зохицуулна.
11 дүгээр зүйл.Музейн сан хөмрөгийн бүртгэл
11.1.Музейн сан хөмрөгийн бүртгэл, мэдээллийн үндсэн баримт бичиг нь ерөнхий бүртгэл байна.
11.2.Музейн бүх үзмэр нь сан хөмрөгт авсан он, музейн захирлын шийдвэрийн дугаар, тухайн шийдвэрт заасан дэсийн дугаар бүхий хувийн дугаартай байна.
11.3.Музейн ерөнхий бүртгэлд үндэслэн үндсэн болон туслах сан хөмрөгийн бүртгэлийг үйлдэнэ.
11.4.Энэ хуулийн 11.1, 11.3-т заасан бүртгэлийг музейн бүртгэл, мэдээллийн санч гараар бичиж хөтөлнө.
11.5.Энэ хуулийн 11.4-т заасан бүртгэлийг музейн бүртгэл, мэдээллийн санч хариуцан хадгалах бөгөөд музейгээс өөр газарт хадгалах, музейн захирлын зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулах, засварлахыг хориглоно.
12 дугаар зүйл.Музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйлийг цуглуулах
12.1.Музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйлийг цуглуулах үйл ажиллагааг сан хөмрөгийн зөвлөл зохион байгуулах бөгөөд уг зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан үлгэрчилсэн журмыг үндэслэн музейн захирал баталж, мөрдүүлнэ.
12.2.Музей нь соёлын үнэт зүйлийг дараах хэлбэрээр сан хөмрөгт цуглуулна:
12.2.1.музейн хайгуул, малтлага, судалгааны ажлын үр дүнд олж авах;
12.2.2.худалдаж авах;
12.2.3.өв, бэлэглэлийн журмаар авах;
12.2.4.эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлж авах;
12.2.5.өөрийн хөрөнгөөр бүтээлгэх;
12.2.6.хандив, тусламжаар авах;
12.2.7.хуулиар хориглоогүй бусад.
12.3.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан зохиогчийн эрхээр хамгаалах бүтээлийг музейн сан хөмрөгт авахдаа оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
12.4.Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйл худалдан авах журмыг Засгийн газар батална.
12.5.Төрийн болон орон нутгийн музейн үзмэр, цуглуулгыг барьцаалахыг хориглоно.
13 дугаар зүйл.Музейн сан хөмрөгөөс үзмэр хасах
13.1.Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгөөс соёлын өвд хамаарах үзмэрийг хасах тохиолдолд Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
13.2.Энэ хуулийн 13.1-д хамаарахгүй үзмэрийг хасах тохиолдолд Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тус тус зохицуулна.
13.3.Хувийн өмчийн музей нь сан хөмрөгөөс үзмэр хасах тохиолдолд соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд урьдчилан мэдэгдэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
14 дүгээр зүйл.Музейн аюулгүй байдлын хангах
14.1.Музей дараах аюулгүй байдлыг хангасан байна:
14.1.1.музейн орчны;
14.1.2.барилга байгууламжийн;
14.1.3.сан хөмрөгийн.
14.2.Энэ хуулийн 14.1-д заасан аюулгүй байдлын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу баталж, мөрдүүлнэ.
14.3.Үүсгэн байгуулагч нь харьяалах нутаг дэвсгэрийн онцгой байдлын болон цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран музейн аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
14.3.1.гамшгийн үед сан хөмрөгийг аврах, үйлчлүүлэгч, музейн ажилтныг гамшгаас хамгаалах болон гамшгийн үеийн үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах;
14.3.2.гамшигт өртөж болох эрсдэлийг тооцоолж, эрсдэлийн үнэлгээ /геологийн, газар зүйн, цаг уурын, барилга байгууламжийн, ашиглалт үйлчилгээний гэх мэт/-г хийлгэх, эрсдэлийг эрэмбэлэх ажлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллагаар гүйцэтгүүлэх;
14.3.3.олон улсад шинээр нэвтрүүлж байгаа дэвшилтэт техник, технологийг судалж нэвтрүүлэх.
14.4.Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.
14.5.Музей гамшиг болон аюулын үед ажиллах нарийвчилсан төлөвлөгөөтэй байна.
14.6.Музейн барилга байгууламжаас 500 метрийн дотор шатахуун хадгалах, түгээх, тэсэрч дэлбэрэх, дэгдэмхий бодис хадгалах болон хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
МУЗЕЙН АЖИЛТАН
15 дугаар зүйл.Музейн ажилтан
15.1.Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтны жагсаалтыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.2.Төрийн болон орон нутгийн өмчийн музейн захирал энэ хуулийн 15.1-д заасан албан тушаалд төрөл, садангийн хүнийг томилж ажиллуулахыг хориглоно.
15.3.Энэ хуулийн 15.1-д заасан үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд найман жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
16 дугаар зүйл.Музейн сан хөмрөгч
16.1.Музей сан хөмрөгчтэй байна.
16.2.Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгчөөр дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг томилно:
16.2.1.дээд боловсролтой, музей, соёлын өвийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн;
16.2.2.гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
16.2.3.музейн ажилтны ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зөрчиж, хариуцлага хүлээж байгаагүй;
16.2.4.сан хөмрөгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
16.2.5.давхар ажил эрхэлдэггүй байх.
17 дугаар зүйл.Музейн ажилтны ёс зүйн нийтлэг хэм хэмжээ
17.1.Музейн ажилтан дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг дагаж мөрдөнө:
17.1.1.албаны шугамаар олж авсан соёлын үнэт зүйлийн талаарх мэдээллийг бусдад задруулахгүй байх;
17.1.2.музейн сан хөмрөгт үзмэр худалдан авах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, эсхүл бусдад давуу байдал олгохгүй байх;
17.1.3.музейн төрөл, үйл ажиллагааны чиглэлд хамаарах соёлын үнэт зүйлийг хувьдаа цуглуулахгүй байх;
17.1.4.соёлын үнэт зүйлийн хууль бус худалдаанд оролцохгүй байх;
17.1.5.албаны шугамаар олж авсан мэдээллийг ашиг олох зорилгоор бусдад дамжуулах, дамлан худалдахгүй байх;
17.1.6.албан үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авах, эсхүл шан харамж авахаар санал тавих, шаардахгүй байх.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
18 дугаар зүйл.Музейн үйл ажиллагаанд хяналт тавих
18.1.Музейн үйл ажиллагаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллага болон улсын байцаагч хяналт тавина.
18.2.Музейн үйл ажиллагаанд олон нийтийн зөвлөл хяналт тавьж болно.
19 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд, хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
20.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР