2017 оны 12 сарын 15 10:34 минут.

Цагаан дарь-Эх

Picture 163

Зүүн жанжин чойр хийдийн цогчин дугана байсан газраас холгүй арын цагаан дарь эх хэмээх хадны бурхан бий.19 –р зууны эхэн 1820-оод оны үед бүтээгдсэн энэхүү бурханыг маш эртний галбын барзгар боржин чулуун хадны элгэн биеэс ургуулах мэт товойлгон өндрөөшөө 7 тохой хагас /1 тохой нь 32 см/  талбайд товойлгож сийлсэн нь бусдаас ялгагдах ур хийц юм.1828 онд зүүн чойрын хийдийн орчимд хэжиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг. Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн  ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хандаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хэжиг өвчин дарагдсан гэдэг.

1938 онд Дарь эх 110 насан дээрээ зул хүж хадаг мандалаа хураалгаж, тахилч лам нь яаманд баривчлагдаад таалал төгссөн юм байна. Ингээд л арын Цагаан дарь эх маань хэлмэгдэгсэдийн хар нутаг сахин, үнсэнд  хаягдсан шалз шиг үлээх салхины аман дээр өнгө будаг нь холцорч мөнх бамбарын зул нь бөхжээ. Бурханы ард талын хананд байх хүслийн хадны дундах нүхэнд толгойгоо шургуулан шивнэвэл хүсэл биелдэг гэж үздэг байна.

Цагаан дарь бурханы тайлбар:Доороосоо дээшээ үелэн давхарлаж ургаж байгаа лянхуа цэцгийн хавтгай хавчин дэлбээгээр эргэн тойрон битүү чимгэлсэн том дугуй суудал дээр 2хөлөө нилээд лав зөрүүлэн иоги суудлаар завлин сууж энэрэл хайрын харцаар үзэгчид рүү харж байгаа үзэсгэлэн төгөлдөр залуухан бүсгүй аливаа үзсэн хүний сэтгэлийг ариусгаж байдаг .Ухаалаг тэнүүн магнай дээр саран хөмсөг зурайж арвайн нуман хэлбэр хосолсон алаг нүдэн нь ялимгүй дуниартан бодлогоширч тормогор нимгэн нөмрөг өмсгөлийн цаанаас 2 хөх нь товойн гэрэлтэж, бие галбир цэгц шулуун бэлхүүсээрээ уран нарийн, бие эрхтний хэмжээ харьцаа гайхамшигтай яруу төгөлдөр билээ.  Занабазарын бүтээсэн Цагаан  дарь эх бол салхинаас өөр юу ч хүрээгүй цэвэр ичимтгий монгол охидын сонгодог дүр.

Цагаан дарь эхийг ёсчлон шүтвээс элдэв аюул зовлон өвчин зэтгэр, үл зохилдохын шалтгаан бүхнийг амирлуулж, аз жаргал, нас буян арвиждаг хэмээн шүтдэг байна.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 86
Цоорхойн рашаан
Чойрын богд уул

Сэтгэгдэлгүй