Боржигины голомт нутгийн иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтгаж байна.
Манай нутаг бол Боржигины өв соёл олон зуун жилийн туршид уламжлагдан өвлөгдөж ирсэн Боржигин уртын дууны шуранхай, морин хуурын чавхдас дээр уртын дууг даган уянгалуулдаг боржигин морин хуур, Боржигины дархчуудын урласан уран зангилаагаар угсардаг боржигин байшингийн технологи, Боржигин найрын дэг жаяг, ёс зэрэг дахин давтагдашгүй соёлын өвтэй нутаг билээ.
БСШУСЯамны сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/759 дугаар тушаалаар Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 3 дахь ай сав буюу уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд: Боржигин найрын ёс, Боржигин хуримлах ёс, зан үйл, 7 дахь ай сав буюу уламжлалт гар урлал төрөлд: Сархинаган тоонотой гэрийн урлал, Боржигин байшин урлал гэсэн 4 өв бүртгэгдсэн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн 48 газрын 270 үл хөдлөх дурсгалыг сумын хамгаалалтанд авсан, 2020 оны БСШУСЯамны сайдын А/161 дүгээр тушаалаар Зараагийн өврийн хүн чулуу, Дагвасүндэл бурхан, Зүүн чойрын хийдийн туурийг аймгийн хамгаалтанд авхуулан соёлын өвийг хадгалж хамгаалах ажлыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэн ажиллалаа.
Боржигин өв музейн хамт олон бид 2020 онд үндэсний өв соёл, ёс заншил, боржигины өв соёлыг хадгалж хамгаалах, судлан шинжлэх, бүртгэн баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдэд соёлын үйлчилгээг танхимаар болон нүүдлийн музейн үйлчилгээ , үзэсгэлэн дэглэх , сан хөмрөгийн үзмэрээ баяжуулсан, “Боржигин байшин” , “Монгол тоглоом наадгай” “Өв соёл-ёс заншил” боловсролын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн, уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж шинээр өв илрүүлэн бүртгэн баримтжуулсан, угийн бичиг хөтлөх анхан шатны сургалтууд зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулан мөн соёлын өвийг залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулахаар сэтгэл нэгтэйгээр ололт амжилттай ажиллаж байна.
Боржигин нутгийн иргэн та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

АЙМГИЙН БОРЖИГИН ӨВ МУЗЕЙН ЗАХИРАЛ А.УНДАРМАА



museum.gs.gov.mn